Монгол улсад Статистикийн байгууллага үүсч хөгжөөд 90 жил болж байна. Энэ хугацаанд олон улсын нийтлэг стандартуудыг үндэсний онцлогт тохируулан нэвтрүүлэх талаар нэлээд ажил амжилттай хийгдэж байна.
Статистикийн мэдээллийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байгаа өнөө үед хэрэглэгчдийг статистикийн үзүүлэлтийн талаарх нэгдсэн ойлголт, арга зүйгээр хангах нь зайлшгүй хийгдэх ажил юм.
Энэ зорилгыг хангах үүднээс НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн комисс, Статистикийн хороо, НҮБ-ын Статистикийн хэлтэс, НҮБ-ын Европын эдийн засгийн хороо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын эрчим хүчний агентлаг, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын холбооны Евростат, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас гаргасан нэр томъёоны тайлбар толь, гарын авлага, ойлголт, тодорхойлолт зэрэг олон улсын түвшний эх сурвалжуудыг ашиглан Үндэсний Статистикийн хорооноос статистикийн нэр томъёоны англи-монгол тайлбар толийг бэлтгэсэн юм.
Нийслэлийн Статистикийн газраас энэхүү статистикийн нэр томъёоны англи-монгол тайлбар толийг хэрэглэгчдэд ашиглахад хялбар, үнэ төлбөргүй түгээхийн тулд цахим хэлбэрт шилжүүллээ.
Энэ ажлыг санаачилж хэрэгжүүлэх ажлыг удирдсан Б.Батбаяр, загвар програмыг боловсруулсан Б.Болд-Эрдэнэ, мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн хэрэглээний статистикийн ангийн 4-р курсийн оюутан Н.Энэрэл нарт талархаж байна.